eHeritage.mn
Хайлт
Хайлт хийх утгаа бичнэ үү
Эзэмшигч музей
Төрөл зүйл
Холбогдох он цаг
ӨМНӨТГӨЛ

Музей нь нийгмийн өмнө түүхэн тодорхой орон зай, цаг хугацааг төлөөлж чадах түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий эд зүйлсийг цуглуулах, тэдгээрийг хадгалж хамгаалах, судалж шинжлэх, олон түмэнд үзүүлж таниулах, сурталчлах үүргийг хүлээсэн ашгийн бус байгууллага юм.

Монгол Улсын музейн сан хөмрөг дэх түүх, соёлын өвийн дурсгалуудыг Монгол Улсын өмчлөлд байгааг баталгаажуулж, түүнийг хулгайд алдагдах, хууль бусаар солих, үрэгдэхээс урьдчилан сэргийлэн, албан хэрэгцээнд ашиглах, олон нийтэд сурталчлан таниулахад “Монголын музейн үзмэрүүд” цахим хэлбэрийн каталогийг Та бүхэнд хүргэж байна.

Энэхүү “Монголын музейн үзмэрүүд” цахим каталогт Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр түүх, соёлын хосгүй үнэт зэрэглэлд батлагдсан дурсгалт зүйлс, улс аймгийн музейн сан хөмрөг дэх шилдэг үзмэр, эд зүйлсийн тухай товч тодорхойлолт, түүний гэрэл зурган мэдээлэл орж байгаа юм.

Цаашид www.eheritage.mn сайтыг улам бүр өргөжүүлэн, зөвхөн музейн үзмэр, эд зүйлс төдийгүй түүх, соёлын үл хөдлөх дурсгал, утга соёлын өвийн дурсгалын талаарх мэдээллүүдийг нэгтгэсэн, соёлын биет болон биет бус өвийн нэгдсэн цахим сайтыг бий болгохыг зорьж байна.

Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн өв соёл, түүхийн ховор нандин дурсгалууд нь монгол иргэн бүрийн эх орон, өв соёл, түүхээрээ бахархах сэтгэлийг бадрааж, ирээдүй хойч үедээ өвлөгдөн уламжлагдах ерөөлийг дэвшүүлье.

Өнөөгийн даяаршиж буй дэлхий ертөнцөд Монгол үндэстэн, угсаатны язгуурыг илтгэх түүх, соёлын дурсгалыг хадгалж хамгаалан авч үлдэх, ирээдүй хойчист өвлүүлэн үлдээх эрхэм зорилгын үүднээс энэхүү цахим музейн үүдийг таны өмнө нээж байна.

Энэ удаад бид түүх, соёлын хосгүй үнэт дурсгалын мэдээллийг цахим хэлбэрээр хүргэж байна. Удахгүй Монголын музейн шилдэг 5339 үзмэрийн мэдээллийг хүргэх болно. Тавтай морилно уу.